Амьтны мэдээллийн сан

Мазаалай

         Говийн их дархан цаазат газрыг байгуулсан үеэс эхлэн мазаалайн тархац, байршил нутгийг байгаль хамгаалагчдын хяналтанд авч хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс сэргийлж байршил нутагт нь машин, хүний хөдөлгөөнийг хязгаарлан, хоол тэжээл нь хүрэлцээгүй байгааг харгалзан 1985 оноос хавар, намрын улиралд нэмэлт тэжээл тавьж өгөх арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна.

        Мазаалай нь говь цөлийн хуурай гандуу нөхцөлд байгалийн жамаараа өсөж үржих боломж хязгаарлагдмал байгааг харгалзан түүний амьдрах орчныг тэтгэж сайжруулах, цаашид зориудын орчинд өсгөж үржүүлэх арга хэмжээг судалж хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Мазаалай баавгайн одоогийн статус

        Мазаалай нь монголын нэг чухал, ховор үнэт зүйлийн нэг юм. Монгол улсын улаан ном /1987,1997он/,” Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенц(CITES)-ийн 1 дүгээр хавсралтад тус тус бүртгэгдсэн. 2007 онд Монгол улсын хөхтөн амьтдын ДБХХ-ны /IUCN/ -ны бүс нутгийн болон олон улсын шалгуур, ховордлын үнэлгээгээр мазаалайг “устаж байгаа” амьтны ангилалд хамааруулсан нь энэ амьтны хамгааллын асуудалд чухал ач холбогдолтой юм.

         Хэдийгээр мазаалай  хүний нөлөөлөлгүй, байгалийн жамаараа амьдарч байгаа ч маш цөөн тоотой /22-31 бодгаль/, Төв Азийн хамгийн хуурай цөлийн нэг болох Монголын Алтайн өвөр говийн цөлийн хатуу ширүүн нөхцөлд амьдарч байна.

         Хэвлэлийн мэдээнээс үзвэл мазаалайн тархац нутаг 1940-1970 оныг хүртэл бараг 50% хүртэл багасчээ. Түүнээс хойш тархац нутгийн хэмжээ өөрчлөгдөөгүй нь амьдрах нутгийг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч 1975 онд ГИДЦГ-ыг байгуулж 1985 оноос хаврын улиралд мазаалайд нэмэлт тэжээл тавьж ирсэнтэй холбоотой.

        Ус цаг уурын “Тоорой”, “Баян” зэрэг станцын мэдээгээр Алтайн өвөр говьд 1993-2012 онд хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас доогуур 50мм орчим байсан нь энэ бүс нутаг байнгын гантай байсныг илтгэх бөгөөд ийм нөхцөлд мазаалай үржилд орж үр төлөө гаргасаар байв. Судалгааны үр дүнгээс үзвэл: 1999-2012 оны хооронд 12 бамбарууш өсөж бойжсон байна. Энэ нь боломжийн үр дүн юм.

         Алтай өвөр говьд хамгийн томд тооцогдох араатан амьтан бөгөөд илчлэг ихтэй, хангалттай хэмжээний хоол тэжээл шаардлагатай боловч мазаалай орчин нөхцөлдөө зохицон ургамал голлосон, бага хэмжээний хоол тэжээлээр хооллож амьдарч иржээ. Мазаалай нь зундаа + 46 градус халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгал бүхий, говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдарч ирсэн, одоо ч амьдарсаар байна.

        Мазаалай нь Говийн их дархан цаазат газрын нутагт Атас Богд, Шар хулст, Цагаан богд зэрэг говийн дунд зэргийн уулс, тэдгээрийн дотор орших цөөн тооны булаг, шанд, баянбүрдийг түшиглэн амьдарна. Эдгээр уулс нь 100-200 км хүртэл зайтай ба баянбүрд, булаг шандууд нь хоорондоо ихэвчлэн 20-50 км, түүнээс ч хол байрлана. Эдгээр уулс нь цөөн тооны, ихэвчлэн ундрага багатай, жижиг булаг шандтай.

           Маш бага хур тунадас орж энэ нь газар нутгийн хэмжээнд жигд бус хуваарилагдах тул зарим уулс, баянбүрдэд огт хур тунадас бороо орохгүй байх явдал цөөнгүй. Энэ нь мазаалайн идэш тэжээлийн гол ургамал болох бажууна, хармаг, махирс ургахгүй байх, үр жимс нь гарахгүй байх зэргээр мазаалай хоол хайж тэнүүчлэх, эцэж турах бөгөөд энэ нь мазаалайн үржил, сүргийн нөхөн төлжилд муугаар нөлөөлж байна.

Судалгааны ажлын үр дүн:

         Зорилго нь нэн ховор амьтан мазаалайн популяцийн бүтэц, хэмжээ, шилжилт, хөдөлгөөн, амьдрах орчин болон экологи биологийн бусад онцлогийг орчин үеийн амьтан судлалын шинжлэх ухааны арга зүй, техник, технологийн дагуу хийж гүйцэтгэн цаашид хамгаалах ажлын чиглэл, стратегийг тодорхойлох явдал юм.

         “Говийн баавгай төсөл”-ийн хүрээнд  2005-2012 онд 7 эр, 6 эм, нийтдээ 13 мазаалайд ЖПС бүхий сансрын дохиололт болон радио хүзүүвч зүүсэн. Эдгээр хүзүүвчний  сансрын мэдээлэл болон баянбүрд, булгуудад байрлуулсан үсний дээж цуглуулах төхөөрөмжөөс цуглуулсан үсний дээжинд хийсэн генетикийн анализийн дүнгээс  үзвэл: мазаалай Атас Богд, Шар хулст, Цагаан богд гэсэн 3 уулын районы булаг шандуудын хооронд 70-100 км зайтай газарт чөлөөтэй шилжин явдаг байна. Ингэж чөлөөтэй шилжилт, хөдөлгөөн хийж байгаа нь мазаалайн цус ойртож  амьдрах чадвар муудах, тоо толгой нь хорогдох  нөлөөг багасгах нэг чухал  хүчин зүйл юм.

Популяцийн хэмжээ: 2008-2009 онд ГИДЦГ-ын “А” хэсгийн мазаалай амьдрах нутгуудын тэжээлийн цэг дээр байрлуулсан тусгай төхөөрөмжөөс цуглуулсан үсний дээжинд хийсэн генетикийн шинжилгээгээр нийт 22-31 бодгаль /CI=95%/, үүнээс доод тал нь  8 эм, 14 эр баавгай байгааг тогтоосон. Цаашид мазаалайн популяцийн хүйсийн харьцаа, тоо толгойг баталгаажуулах ажил хэрэгтэй байна. Ийм судалгааг үргэлжлүүлэн 2013-2015 онд хийх  шаардлагатай бөгөөд энэ нь тоо толгой нь өсөж байна уу, буурч байна уу гэдгийг  тодорхойлох юм. Мазаалайн амьдрах орчны хатуу ширүүн нөхцөл, хоол тэжээл хүрэлцээгүй, хомс байдал нь үр төлийн амьдрах чадварт муугаар нөлөөлж ихэнх тохиолдолд үхэж хорогддог байж болзошгүй.

Популяцийн хэмжээ, бүтэц, чиг хандлага. 2008-2009 онд 45,000 км2 газар нутгийг хамарч, тэжээлийн цэгүүдээс цуглуулсан 950 үсний дээжинд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Говийн Их Дархан цаазат газрын нутагт 22-31 бодгаль баавгай байна гэсэн дүн гаргажээ. (Түмэндэмбэрэл бусад, 2010). Генетикийн судалгааны дүн нь  энэ бүс нутагт доод тал нь 14 эр, 8 эм мазаалай байгааг тогтоосон. Энэхүү хүйсийн тэгш бус харьцаа нь сонирхол төрүүлж байгаа бөгөөд магадгүй эм баавгайн эзэмшил нутгийн хэмжээ, шилжилт хөдөлгөөн бага байдаг, мөн том биетэй, догшин ширүүн эр баавгайтай өрсөлдөхөөс зайлсхийдэг зэрэгтэй холбоотой байж болзошгүй юм.

Үхэл хорогдол Одоогийн байдлаар энэ бүс нутагт хүзүүвчтэй болон бусад мазаалайн үхсэн тохиолдол ажиглагдаагүй. Мазаалайн судалгаа хийж эхэлснээс буюу  2005-2011 оны хооронд  хулгайн ан, хууль бус ангийн улмаас мазаалай хорогдсон тохиолдол гараагүй.      

        Говийн баавгайн тархац нутагт хүний хөдөлгөөн ихсэх тутам мазаалай айж үргэх, зугтаж дайжих байдалд орох нөлөөтэй. Мазаалай байрших булаг шанд, эзэмшил нутаг, байршил нутагт зорчих хүний тоо, хөдөлгөөн нэмэгдвэл мазаалайн популяци уналтанд орох аюултай. 2009-2012 онд дархан газрын нутагт алт хайх зорилгоор хүмүүс нэвтэрсэн хэд хэдэн удаагийн тохиолдол илэрсэн нь энэ байдал даамжирвал мазаалай эзэмшил нутгаасаа дайжих аюулд хүргэж болзошгүй юм.

            Ийм учраас байгаль хамгаалагчид хариуцсан нутаг, үүний дотор мазаалай байрших нутгуудад байнгын хяналт мониторинг хийж байх, энэ зорилгоор хамгаалалтын захиргааг машин, байгаль хамгаалагчдыг сайн чанарын мотоцикль, хүрэлцэхүйц хэмжээний шатахуунаар хангах шаардлагатай байна. 

Хамгаалахад тулгарч буй асуудлууд:

         Мазаалайг хамгаалах, популяцийг сэргээх, нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө ойрын үед популяцид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

               Популяци багасахад дараах хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж болох юм. Үүнд:

  1. Нөхөн үржилт, өсөлтөнд хоол тэжээлийн нөөц
  2. Популяцийн хэмжээ, бүтэц, демографи, үржлийн чадвар
  3. Генетик ба биеийн чадвар.
  4. Хоол тэжээлийн хүрэлцээ
  5. Шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалт
  6. Монголын зэрлэг амьтан судлаачид болон хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, залгамж халааг бэлтгэх

          Мазаалайн популяцийг өсгөхөд урт хугацааны судалгаа шинжилгээ, хамгааллын арга хэмжээ шаардлагатай. Дархан газрын ажилтнуудыг урт хугацааны сургалтанд хамруулах, тоног төхөөрөмж, байнгын хяналт шалтгалт хийх боломжоор хангах.

     Дүгнэлт

    GPS-ийн  242 байршил цэгийн мэдээллээс үзэхэд, бие гүйцсэн нэг эм мазаалай баавгай Шар хулсны баянбүрд орчмын 514 км2  нутагт, дтд 1009-1532 метрийн өндөрт шилжин байрлаж байлаа. Харин эр мазаалай баавгай дунджаар 2465-2485 км2 нутагт, 1122-1492 метрийн  өндөрт шилжин байршиж байсан.

    Эр мазаалай баавгай нь эмээсээ 5 дахин их байршил нутагт шилжилт хөдөлгөөн хийдгийг  тогтоолоо.