Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

1. Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

Ээж Хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино.  Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц  ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Эдгээрээс гадна  Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад , тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.