Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

3. Монгол элсний байгалийн цогцолбор газар /Эрээн нуур, Ажиг нуур, Сангийн далай нуур, Дөргөн нуур, Гүн нуур/

Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монгол элсний орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар авсан.  Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн ургаш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхийл хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн,  Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал  эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг билээ.Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт нууруудын ойролцоо  Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшигуудын нэг юм.