Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

4. Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га.Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.