Хог хаягдлын мэдээллийн сан

Байгальд ээлтэй уут, тор хэрэглэж хэвшицгээе

Бидний өдөр тутмын  салшгүй хэрэглээний тоонд шар, улаан, цэнхэр гээд түмэн янзын өнгөтэй гялгар уут “эрхэм” хүндтэй байр суурийг хэдийнэ эзэлсэн. Харин тэрхүү дотны туслагч маань бидний эрүүл мэнд, байгаль эх дэлхийг минь хөнөөх дайсан болж чимээгүйхэн ахин гэтсээр байна.

 

Ширүүхэн хүрчихэд л цоорч урагдчихмаар хөнгөн нимгэхэн гялгар уут хөрсөнд 50-400 жил хадгалагдан байгаль орчныг чадах чинээгээрээ бохирдуулж байдаг бөгөөд байгальд хөнөөлгүй болох хугацаа нь 1000 жил гэнэ.Эрдэмтдийн судалгаагаар 12-хон минутын турш л  ашиглагддаг гэгдэх гялгар уут нь бидний эрүүл мэнд болоод байгаль орчинд ямар их хөнөөл дагуулдаг болохыг тоочоод баршгүй. Гялгар уутны бүтцэд ходоод гэдэс, элэгний шархлаа, хорт хавдар үүсгэгч хитийн найрлага ордог бөгөөд нянгийн бохирдол их байдаг. Мөн гялгар уут нь битүү орчин учраас нянгийн бохирдол нь хөгц болоод хор үүсэх боломжыг бүрдүүлж байдаг юм байна. Тэрхүү нянгийн бохирдолтой уутанд хоол хүнсээ удаан хадгалсанаар уутан дахь нян болон хүнд металын химийн хорт бодисын хордлого хүнсэнд шингэж улмаар хүний биед нэвтрэн хорт хавдар үүсгэх аюултай.

Ганц талх, ширхэг сонгиныг ч уутанд хийж үйлчилж байна

Тиймээ энэ бол эрүүл ахуйн талаас тавьж байгаа шаардлага. Буруу биш. Гэхдээ энэ шаардлагын  биелэлт сонголтгүйгээр зөвхөн гялгар тороор л хэрэгжиж байгаа нь дэндүү том эмгэнэл. Томоохон хүнсний супермаркет өдөртөө 2800-3600 ширхэг уутаар хэрэглэглэгчдэд үйлчилдэг гэсэн мэдээ бий. Бид дэлгүүрт орж худалдан авалт хийх бүртээ 50-100 төгрөгний гялгар уут авдаг бөгөөд сардаа хамгийн багаар бодоход л гялгар торонд  5000 гаран төгрөг зарцуулдаг байдаг. Үүнийг уншаад авхай та тэр муу уутанд овоо хэдэн төгрөг зарцуулжээ хэмээн гайхаж байна уу? Тэгвэл та жаахан азна. Бид мөнгө хэмээх үнэт цааснаас илүү эрүүл мэнд хэмээх нөхөж баршгүй эрдэнээ энэхүү гялгар уутаар сольж байгаагаа анзаарах сөхөөгүй л явна.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Төв лаборатори хүнсний бүтээгдэхүүний савлах гялгар уут, хоёрдогч хэрэглээний тор зэргээс 132 сорьц авч авч (химийн 58, хүнд металлын 27, нян судлалын 72) шинжлүүлэхэд нян судлалын шинжилгээний 10 хувьд бичил биетний тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их байсныг тогтоогджээ. Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формальдгидийн хэмжээ их гарсан байна. Гэтэл бидний хэрэглэж байгаа гялгар уутнуудын 90 хувь нь Хятадаас манай улсын хилийн дээсийг даван орж ирдэг боловч эргэж нэг нь ч гараагүй, ор мөргүй алга болоо ч үгүй байна. Бид үүнийг бодолцох цаг аль хэдийнэ болсон л байлтай.

Гялгар уутны хөнөөл үргэлжилсээр...

Монголчуудын жилд хэрэглэж байгаа “50-ийн шар тор”-ыг дэлгээд тооцвол 7.5 сая ам метр талбайг элбэг бүрхэнэ гэж судлаачид дүгнэсэн байна. Мөн  химийн хорт хий  ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг байна. Мөн түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг.

Та бидний сүүлийн 10 жилийн хугацаанд бий болгосон гялгар уутны хог өчнөөн олон жил амь бөхтэй байж бид, бидний үр хүүхдийн эрүүл мэнд, байгальд орчинд ноцтой аюулыг заналхийлсээр байх болно гэж бодохоор сэтгэл өвдөнө.

 Тэгвэл бид өөрсдийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө юу хийж чадах вэ?

Бидний одоогийн хэрэглэж буй гялгар уутыг гаалиар ямар ч татваргүйгээр бөөнөөр нь оруулж ирдэг бөгөөд эдгээр нийллэг уутны ихэнхийг буюу 90 хувь нь БНХАУ-аас орж ирдэг аж. Ингээд бодохоор урд хөршийн асар их хортой “хог” манайд зүгээр л асгарч байна шүү дээ.  Гадаадын олон оронд гялгар уутны хор хөнөөлийг эрт ухаарч цаасан уут, даавуун тор хэрэглэж хэвшээд удаж байна. Дээр үед манай оронд хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад бор цаасан уутанд хийж өгдөг байсан ч түүх бий.

Тиймээс эхний ээлжинд төрөөс цаасан уутны ЖДҮ-ийг дэмжиж, худалдаанаас цаасан уутны татварыг авчихвал бас нааштай хариу гарч магадгүй юм. Эсвэл гаднаас импортоор орж ирж байгаа гялгар уутанд савласан бүтээгдэхүүнд илүү татвар ноогдуулах гэх мэтчилэн хайгаад байвал энэ асуудлаас гарах гарц зөндөө л байх шиг. Мөн гялгар уутыг хайлуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүдийг дэмжиж ажиллахын зэрэгцээ түүхий эд болох хаягдал гялгар уутыг авах үнийг нь килограммаар нь бодож овоо хэдэн төгрөгөөр тогтоочихвол  монгол орныг  нэлэнхүйд нь бүрхсэн өнгийн цэцэгс мэт уутнууд цөөрөх вий. Хаягдал уутаар хашааны шон, хайс, сандал, хогийн сав, эмээл, дөрөө, мал услах зөөврийн онгоц, хүрз, лоом, жоотууны иш, сандал, траншейны таг гээд 28 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Авууштай нь гялгар уутыг хайлуулахад ямар нэгэн хорт утаа агаарт  замхардаггүй хэмээн энэ талын үйлдвэр эрхэлдэг хүмүүс ярьж байсан юм.

Гэхдээ бид дээрх ажлыг хийхийг хүлээж суух биш өөрсдөө гялгар уут хэрэглэхгүй байхад л шийдэгдчих асуудал юм. Ядаж л хэрэглээгээ багасгаад хүнсний зүйлээ хийхээ больход л бид өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, байгаль орчноо хамгаалах болно. Иймд байгальд ээлтэй тор уут хэрэглэж эрүүл мэндээ хамгаалаарай гэж уриалж байна.

Эцэст нь иргэн танд хэн ч гялгар уут заавал хэрэглэ хэмээн хүчээр албадаагүй. Иймээс өөрийнхөө, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг гялгар уутнаас үүдэлтэй аюулаас хамгаалаарай.