Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Сумдаас бүрэн шаталттай зуух авах айл өрхийн судалгаа авч байна

             Сүүлийн жилүүдэд хүн ам өсч, аймаг орон нутаг хөгжихийн хэрээр түүнийг дагаж агаар, орчны бохирдол, доройтол нэмэгдсээр байна. Тус аймаг нь агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогыг 2011 оноос хойш хийж байгаа бөгөөд тооллогын дүнгээс харахад аймгийн хэмжээнд 18755 энгийн зуух бүхий өрх жилд 36683,6 тн орчим түлш /аргал, хөр, нүүрс, мод, шахмал түлш/ хэрэглэж байна.

             Мөн аймгийн нийт нутаг дэвсгэрийн  4.23 хувь нь цөлжилтийн  нэн хүчтэй, 11.67 % нь хүчтэй, 23.61% нь дунд, 25.09% нь  сул илэрсэн нутагт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь нийт нутгийн 64.6 хувь цөлжилтөнд өртсөнийг илэрхийлж байна. Гэвч цөлжилтийг сааруулах гол хэрэгсэл болж байгаа заг, бутлаг ургамлыг түлшинд ихээр хэрэглэх явдал зогсохгүй, модны хулгай буурахгүй байна.

         Тус аймаг нь байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бохирдол доройтлыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зорилгоор 2012 онд “Байгаль орчны мастер төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн шаталттай утаагүй зуухаар хангах зорилт тавин ажиллаж байна.

            Иймд агаарын бохирдлыг бууруулж, цөлжилтийг сааруулах зорилгоор иргэдийг бүрэн шаталттай, түлш бага хэрэглэдэг, бохирдол бага гаргадаг зуухаар хангах ажил зохион байгуулж байгаа бөгөө энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд сумдаас зуух авах хүсэлтэй айл өрхийн судалгааг авч байна.

Мэдээ оруулсан : 2014-10-31 11:24:31