Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэл

          Говь-Алтай аймаг хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн говийн мужийн бүсшилийн Алтай хийгээд говийн тойргуудад багтана. Ийм болохоор уулын болон талархаг ба хотгор газрын хөрс зонхилно. Аймгийн нутаг дахь Монгол Алтайн гол нуруу, түүний салбар уулсаар уулын тундрын, өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт, уулын хуурай хээрийн бүдүүн ялзмагт, уулын нугын, уулын нугат хээрийн, уулын цайвар хүрэн, уулын цөлөрхөг хээрийн бор, уулын хээржүү цөлийн цайвар бор хэв шинжийн хөрсүүд хослон тогтжээ.

 

        Харин уулс хоорондын хонхор, хотгор хөндий болон Алтайн өмнөх хийгээд Шарга, Бигэр Захуй Зарман, Алаг нуур зэрэг говь нутагт талархаг ба хотгор газрын хөрс зонхилох бөгөөд эл нутгуудад хүрэн, цайвар хүрэн, нимгэн давхрагатай цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн цайвар бор, цөлөрхөг хээрийн нугат бор, цөлийн бор саарал, цөлийн нимгэн давхрагатай бор саарал, хэт гандуу цөлийн гөлтгөнөтэй нимгэн давхартай борзонт, марз, мараа, элс бүхий хэв шинжийн хөрс тархан бүрэлджээ. Ялангуяа Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутгийн бараг хагас хувь буюу өмнөд хэсэгт нь хэт гандуу цөлийн гөлтгөнөт, борзонт хөрс зонхилно. Харин Хөхморьт, Баян-уул, Жаргалан сумын хойд талын хэсэг газарт элсэн хөрс тогтжээ.

         Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн  4.23 хувь нь цөлжилтийн  нэн хүчтэй, 11.67 % нь хүчтэй, 23.61% нь дунд, 25.09% нь  сул илэрсэн нутагт хамрагдаж байна.  Энэ нь нийт нутгийн 64.6 хувь цөлжилтөнд өртсөнийг илэрхийлж байна. Үлдсэн 35.31 хувь нь цөлжилт илрээгүй гэсэн тоо баримттай байгаа боловч энэ нь  аймгийн хэт хуурай цөлийн бүс, цөлийн бүс, тагийн бүсэд хамрагдаж байгаа болно.

         Цөлжилтийн зэрэглэлийг сумдаар авч үзвэл Шарга, Халиун, Бигэр, Тайшир, Чандмань, Баян-Уул, Жаргалан, Хөхморьт, Дарив, Төгрөг сумд нь цөлжилтийн хүчтэй зэрэглэлээс нэн хүчтэйрүү, Алтай, Цээл, Эрдэнэ, Чандмань, Бугат сумд нь цөлжилтийн дунд зэрэглэлээс хүчтэйрүү шилжиж байна. 

         Тус аймагт цөлжих үйл явцыг идэвхижүүлэх гол хүчин зүйл нь  үе үе хүчтэй шороон шуурга тавьдаг, хур тунадас бага унадаг зэрэг байгалийн хүчин зүйл, нөгөө талаар малын бэлчээрийн давтагдал их, заг болон говийн бутлаг ургамлыг иргэд түлшинд хэрэглэх явдал багагүй хэмжээтэй байгаа зэрэг хүний хүчин зүйлүүд  хам нөлөөлж байгаа учраас элсний нүүлт хөдөлгөөн цөлжилтийг улам газар авахуулсаар байна. Иймээс цөлжилтийг сааруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

Мэдээ оруулсан : 2014-10-22 10:54:29
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.