Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилтийн төлөв байдлын судалгаа, менежментийг хийлгэлээ.

         Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт  болоод хүн төрлөхтний хөгжилийг дагасан хотжилт, дэд бүтцийн хөгжил, үйлдвэржилтийн үйл ажиллагаа болоод уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн газрын зүй зохисгүй ашиглалтын  улмаас газрын доройтол, бохирдол, цөлжилт ихээр явагдаж байна. Ялангуа говийн эзэмэг бүсэд орших манай аймгийн тухайд дээрх хүчин зүйлүүдээс гадна заг, хөх шөвөг, хармаг зэрэг бутлаг ургамалуудыг түүн түлшинд ашиглах, худалдаалах, хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал газрын доройтол цөлжилтийг нэмэгдүүлэх томоохон шалтгаан болж байгааг та бүхэн мэдэж байгаа.

  Монгол улсын хэмжээнд 2010 онд хийгдсэн судалгаагаар  улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь,  тус аймгийн 87.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн байгааг судалгаагаар тогтоосон байдаг.  Иймд бие даасан Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай  холбогдох хууль болон  Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг гарган улсын хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж байна.

Улсын хүрээнд баримтлаж буй бодлогын баримт бичгийг орон нутагтаа хэрэгжүүлэх зорилгоор аймгийн цогц бодлого, байгаль орчны мастер төлөвлөгөөтэй  уялдуулан Цөлжилтийг сааруулах дэд хөтөбөр, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2012-2020 он/ , Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр /2012-2023/, Ногоон алтай дэд хөтөлбөрүүдийг тус тус боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дээрхи хөтөлбөрүүдийн хүрээнд жил бүр газрын доройтол, цөлжилтийг бууруулах зорилгоор улс, орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр бэлчээр усыг задгайлан усан хангамж нэмэгдүүлэх, худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хашиж хамгаалах, бэлчээрийн хортон мэргэчтэй тэмцэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, цаг агаарт зориудаар нөлөөлөх, ойжуулалтын арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж дунджаар 600 гаруй  сая төгрөгийг жил бүр зарцуулан ажиллаж байна.

            Бид бүхний орон нутагтаа газрын доройтол цөлжилтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэрхэн үр дүнд хүрч байгаа, өнөөгийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийх, цаашид цөлжилт, газрын доройтлыг тэглэх  дэлхий нийтийн зорилтод хэрхэн хөл нийлүүлэн зөв зохистой менежментийг хийн  ажиллах үйл ажиллагааны зорилт,  чиглэлийг тодорхойлох ажлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр/2016-2020 он/, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Байгаль орчны мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу орон нутгийн төсвөөс 33.8 сая төгрөгийг шийдвэрлэн мэргэжлийн байгууллага болох “Эко иноваци хөгжлийн төв” ТББ-аар хийлгэсэн.

          Дээрхи судалгаагааны үр дүнд нийт нутаг дэвсгэрийн 79.5 хувь нь их бага хэмжээгээр доройтсон гэж гарч ирсэн нь 2010 оны  судалгааны дүнтэй харицуулахад цөлжилт газрын доройтол 8.3 хувиар буурсан байх үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийн байгаль цаг уурын таатай нөхцөл байдал болон бид бүхний авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.

            Судалгаагаар цөлжилт, газрын доройтол хүчтэй илэрсэн буюу нийт нутаг дэвсгэрийн 70-аас дээш хувь нь хүчтэй, нэн хүчтэй доройтлын зэрэгт хамрагдах нутаг дэвсгэрт Хөхморьт, Шарга, Баян-Уул, Халиун сумд багтаж байна. Харин Жаргалан, Тайшир, Дэлгэр, Есөнбулаг, Цогт, Эрдэнэ, Алтай сумдын хувьд доройтлын нийлбэр үнэлгээг дунд зэрэгт бусад сумдад илэрсэн цөлжилт, газрын доройтол сул гэж үнэлэгдсэн байна.

           Судалгаа хийсэн мэргэжлийн байгууллагаас 2030 он гэхэд Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах 5 зорилтуудыг гарган 18 бодлогын, 23 техник арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулан өгсөн.

Судалгааны тайлан мэдээллийг хавсаргав.

Мэдээ оруулсан : 2020-03-10 10:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.