Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Монголчуудын байгаль орчноо хамгаалах өв уламжлалаас

Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, орчинтойгоо зохицон аж төрөх талаар өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан хэрэглэж чадсан дэлхийн ховорхон ард түмэн билээ. Монголчуудын байгаль орчинтой харьцах уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томъёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болно.
Эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар Монголчууд бидний байгаль орчинтой харьцах зан заншлын уламжлалыг хэд хэдэн хэсэгт хувааж үздэг байна. Үүнд:
- Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлал
- Хорио цээрлэлийн уламжлал
- Сургааль номлолын уламжлал
- Сүсэг бишрэлийн уламжлал
- Ажиглалт танин мэдэхүйн уламжлал
- Түүхэн уламжлал зэрэг болно.
Жишээлбэл, Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын дотор ан амьтантай харьцах хандлага зан үйл багтах бөгөөд тэдгээрийг авлаж аж төрөх ёс нь энэрэн хүндэтгэх, танин мэдэхүйн ухааралд хатуу тулгуурлаж байжээ. Ан амьтны үржих, төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн мах, арьс зэрэг олзвороо туйлаас хүндэтгэн, ариглан хэрэглэдэг байж. Олноороо ан гөрөөнд мордохдоо хүндэтгэлийн ёслол үйлдэл хийдэг дэг жаягтай, зөрчих ахул зан заншлын төдийгүй хууль цаазын цээрлэл хүлээдэг байжээ.
Мод, усандаа хандаж харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэг хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Байгалаа энэрэн хүндэтгэх ёс заншлийн дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй. Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан, Сэрвээ, Алтан овоо, Хан-Хөхий хэмээн зарим нутгаа өргөмжлөлийн нэрээр нэрлэх заншил түгээмэл байжээ. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй “өндөр хайрхан”, “алтай хангай”, “далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан нь мөн л байгальд элэг сэтгэлтэй хандаж ирсэн бас нэг ухааны илрэл юм.
Байгалийг энэрэн хүндэтгэх ёс заншлыг бүхэлд нь авч үзвэл байгалийг эрт дээр үеэс амьд биет гэдгийг танин мэдэж, ухааран ойлгож байсны хамгийн тодорхой жишээ өгөөд энэ нь өнөөгийн шинжлэх ухааны биосфер буюу шим мандал гэсэн ойлголттой дүйцэж байна гэж эрдэмтэн судлаачид дүгнэдэг.
Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ. Тухайлбал, амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал монголчуудад эртнээс тогтсон юм.
Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан юм. Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм. Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.
Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ. Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв.
Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ. Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.
Түүхэн уламжлал нь ердийн нэгэн ёс заншил төдий бус, байгаль нь хүний амьдрал, оюун санааны мөнхийн эх сурвалж байж, түүнийг түшиж аж төрөх, хүний гоо сайхны таашаал байгалиас бий болж түүнд уяран татагдах мэдрэмж, сэтгэлгээг төрүүлж, тийм ухаан суулгах, хүмүүжүүлэх, танин мэдүүлэх зохицолдоог бүрдүүлж өгсөн. Энэ утгаараа нийгмийн олон талд амьдралын дотроос байгалийг хайрлан хамгаалах сайн сайхан үйлсийн төлөө хүн бүрт сэрэх, санах эрэх хайх, бүтээн бий болгох, тийм хөдөлмөр зүтгэлийг сонгон олж авах ухаарлыг төлөвшүүлсээр ирсэн байна.
Тухайлбал, “Халх журам”-д
•Улс дунд тїймэр шатваас айл ойрхи улс зартай заргїй унтраа. Зар сонсож байж ноён хїн эс мордвоос морь ав, сайдаас їхэр ав, энгийн улсаас хонь ав.
•Хэн хїн нїїсэн нутгийнхаа галыг унтраа, эс унтрааваас шїдлэн морь авч бай гэх зэргээр ерєнхийлсєн байдлаар бус тун нарийвчлан нэгд нэгэнгїй зааж єгсєн байдаг.
Байгаль хамгаалах зан заншлын уламжлал бол нүүдэлчдийн оюун ухаан, дадал заншил, ёс суртахууны үнэт бүтээл учраас түүнийг цаашид нарийвчлан гүнзгийрүүлэн судлах, суралцаж хэрэглэх нь шинжлэх ухаан, практикийн нэг тулгамдсан асуудал гэж үзэж болно.
"Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёсзүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.

Монголчуудын байгаль хамгаалах өв уламжлал (хууль цааз)

Монголын хууль цаазын өв уламжлал ба байгаль хамгаалал
Монгол туургатны тухайд бүр хүннү гүрний үе хоёр мянгаад жилийн тэртээд төрт ёс тогтсон гэж эрдэмтэн мэргэд үзсэн байдаг. Нэгэнт хүний нийгэмд төрт ёс тогтоно гэдэг улмаар төрийн хууль цаазат ёс нийгэмд үүсэн буй болох эх үүсвэр гарсан хэрэг агаад тэр нь хөгжин боловсорсоор XII зууны эцэс XIII зууны эхэн зааг дээр их эзэн богд Тэмүжин Чингис хаан цогцлон байгуулсан монголын нэгдсэн улсын үед монгол үндэстний хууль цаазын эцэг “Их засаг” хуулийг төрүүлжээ.
“Их засаг” хууль нь монгол түмний үзэл санаа, ёс заншил, хэв журмын дэвшилттэй бүхнийг агуулсан, тухайн түүхэн үеийн нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль цааз байсан гэж академич Ж.Болдбаатар тодорхойлсон байна. Эрдэмтэн Жувейн Чингис хаан өөрийн бүх цааз зарлигийг “хөх дэвтэрт” бичиж тэмдэглэхийг зарлиг болгожээ. Энэхүү хөх дэвтэрийг “их засаг” хэмээн тусгайлан хадгалдаг байсан гэж бичсэн ажгуу. “Энд авч үзсэн хоёр ишлэлийг үзэхүл “Их засаг” хэмээх энэ алдарт хууль цааз нь нэг талаас монгол туургатны үзэл санаа, хэв ёс, зан заншлийн дэвшилттэй бүхэн, нөгөө талаас эзэн богд Тэмүжин Чингис хааны зарлиг, айлдвар нэгдэн нийлсэн цогц байсан агаад чухам үүнийхээ ачаар монгол түмний оюун санаа, амьдралын бүхий л хүрээнд гүн шингэж хүн ардын уламжлалт зан үйл, амьдралын хэв ёс болтлоо хэвшин хэрэгжиж ирсэн байх ажгуу. Зохиогч монгол түмний төрт ёс, хууль цаазын уг угсааны тухай ийнхүү товч хураангуй санаа илэрхийлсний учир юу гэвэл бидний монгол эх орон байгалийн унаган төрхөө түүний бхий л төрлийн баялаг бүрэн бүтнээрээ эдүгээ цагийг иртэл хамгаалагдан хадгалагдаж ирсэн явдлын гол гавьяа язгуур үндэс нь монгол түмний хууль цааз, түүний үл тасалдсан залгамж чанар уламжлалд байсныг илэрхийлэх гэсэн хэрэг болой. Манай монгол эх орон байгалийн унаган төрхөө алдаагүй, түүний баялаг бүрэн бүтнээр эдүгээ бидний үед ирэхэд монгол түмний хууль цаазын гүйцэтгэсэн гавъяаны гол ноён нуруу, эх суурийг “Их засаг” хууль тавьжээ. “Их засаг хууль” энэ алдарт хуулинд байгаль хамгаалах талаар тусгагдсан заалтуудын гол үзэл санааг хураангуйлан илэрхийлбэл:
-Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах


-Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах


-Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах


-Усыг бүх талаар хамгаалах цэвэр ариун байлгах


-Газар нутаг, ой модыг гал түймрээс хамгаалах


-Газар шороо, хад, уулыг элдвээр сүйтгэхгүй байх


-Ан амьтныг хайрлаж хамгаалах, үл егүүтгэх


-Ан авыг тодорхой зорилго зориулалтаар дэг журамтай агнаж байх зэргээр байгаль хамгаалах асуудлын гол үндсүүдийг илэрхийлжээ.


“Их Юаны нэвтэрхий хууль “-энэ хууль Юань улсын гол хууль байсан бөгөөд байгаль хамгаалах талаар “Их засаг” хуульд тусгагдсан бүх үзэл санаа, заалтыг уламжлан дагасаны дээр уг хуульд байгаль хамгаалах асуудлаар шинээр орсон гол асудлууд нь хот хүрээ газрын нутаг дэвсгэр, өртөө замын дагуу, гол мөрөн, нуур цөөрмийн зах хөвөө зэрэгт мод тарьж ойжуулах асуудал байжээ. Үүнээс гадна газар тариалан эрхлэх, ногоо тариаг хамгаалахтай холбогдсон заалт шинээр орсон байна. Ан амьтан хамгаалах тухайд ан ав хийх цаг хугацааг үлэмж нарийвчлан зааснаар онцлог юм.
“Дөчин дөрвөн хоёрын цааз” -Энэ цааз хуулийг 1640 онд халх ойрдын бүх ноёдыг төлөөлсөн чуулган чуулж баталсан агаад мөнхүү хуулийг “Монгол ойрдын хууль” хэмээн нэрлэх нь буй ажээ. Энэ цааз хуулийн онцлог нь газар нутгийн бүрэн бүтэн байдлыгхангахад ихээхэн анхаарал хандуулснаар өмнөх цааз хуулиудаас ялгаатай гэж судлаачид үзсэн байна. Бас түүнчлэн байгалийн гамшиг, ган зуд тохиолдсоны улмаас байгаль орчинд учирсан элдэв бохирдлыг арилгах, тухайлбал үхсэн мал амьтны сэг зэмийг ямар хугацаанд хэрхэн арилгаж газар нутгийг цэвэрлэх тухай тодорхой зааснаар онцлог аж.
“Халх журам” -Монгол улсын энэ нэрд гарсан хууль цаазыг 1709-1795 оны хооронд халх хаад ноёд, шашны зүтгэлтнүүд олон удаа нэгдэн чуулж нягтлан хэлэлцэж тогтоосон байна. Халх монголын энэхүү хууль цаазыг манай нэртэй хуульч эрдэмтэн нийгэм улс төрийн ахмад ажилтан С.Жалан-Аажав олон жил сурвалжлан судлаж арван дөрвөн бүлэг, гурван зуун нэгэн зүйл болгон ангилж 1995 онд үндсэн эх “халх журам” нэрээр нь нийтэлжээ. Энэхүү хууль цаазын долдугаар бүлэг Таван зүйл анги, байгаль орчин, ан амьтныг хамгаалахад зориулагдсан байна.
-”Халх журам” цаазын байгаль хамгаалахтай холбогдсон заалтуудыг академич Ж.Болдбаатар “Түүх зулсан он жилүүдийн ойлго” /2003/ хэмээх бүтээлдээ зүйл зүйлээр нилээд дэлгэрэнгүй авч үзжээ.
“Үйсэн дээр бичсэн цааз бичиг” -Энэ цааз бичгийг нэрттүүхч, археологич Х.Пэрлээ агсан 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын балгаснаас олж нарийвчлан судлаад 1973 онд “Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг” гэсэн нэртэй бүтээл хэвлүүлжээ. Энэ цааз бичигт байгаль хамгаалах талаарх тусгагдсан асуудал гэвэл газар нутгийг зүй зохистой ашиглах талаар үлэмж анхаархын зэрэгцээ ан амьтныг егүүтгэлт арга хэрэгсэл ашиглан агнах зэрэг явдлыг хатуу хоригложээ.
“Алтанхааны цаазын бичиг”-Энэ цааз бичиг нь монгол гүрний нийгэм, улс төрийн бутарлын үед гарсан боловч байгаль хамгаалах талаар урьд удаагийн хууль цаазуудын үзэл санааг өргөн тусгасан төдийгүй газар нутаг, ой мод, ан амьтныг хамгаалах талаархи хууль цаазыг зөрчиж хор хохирол учруулсан хэн боловч түүнд хүлээлгэх ял зэмлэлийг улам чангатгасанаараа онцлог аж.
“Хутагт сэцэн хүнтайжийн шашны цааз” -Энэ цааз бичиг шарын шашин хүчтэй дэлгэрсэн XVI зууны дунд үед гарсан бөгөөд аливаа нэгэн адгуус амьтныг энэрэн нийгүүлсэхийг чухалчилснаараа онцлог юм.
“Халх зургаа ба долоон хошууны цх-цааз” -Энэ цааз хууль XVI-XVII зууны үед мөрдөгдөж байжээ. Уг цааз хуулинд гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар урьд өмнөх хуулинд байгаагүй шинэчлэл заалт агуулагдснаараа онцлог юм.
“Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг” -Энэ нь 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн зурвас үед гарсан хууль цааз юм. Уг цааз бичигт байгаль хамгаалах асуудлаар нутгийн захиргааны эрх баригдынүүрэг хариуцлагыг өндөржүүлэх, байгалийн баялаг, ашигт малтмалыг хамгаалах, уул усыг онголон тахих дархлах, тухай асуудлыг нилээд дэлгэрэнгүй тодорхойлсон байна.

Мэдээ оруулсан : 2017-03-13 14:24:37
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.