“БАЙГАЛЬ ОРЧНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ГАРЧ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛҮҮД,
ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2014.06.05 Алтай хот
Монголчууд бид уул, ус, ургамал амьтан байгаль дэлхий түүний нөөц баялгийг хайрлан хамгаалж зохистой ашиглаж ирсэн өнө эртний уламжлалтай ард түмэн бөгөөд байгаль орчноо харьцангуй унаган төрхөөр нь хадгалж ирсэн цөөн орны нэг билээ.
Байгалийн унаган төрх, амьтан ургамлын зүйлийн бүрдлийнхээ хувьд харьцангуй унаган төрхөө хадгалан үлдсэн нутаг юм.
Сүүлийн 40 гаруй жилд ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл устах, бэлчээр талхагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой усны нөөц хомсдох зэргээр амьдрах орчны чанар доройтож байна. Байгаль орчныг хамгаалах талаар хууль, дүрэм журмууд шинээр боловсрогдон гарч, байгаль хамгааллын асуудалд төр засаг, төрийн бус байгууллагууд, иргэд ихээхэн анхаарал хандуулдаг болсон.
Төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, байгалийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглан түүнд хяналт тавин ажиллаж байгаа хэдий ч байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлүүд гарсаар байна.
Жишээлбэл аймгийн нийт нутаг дэвсгэрийн 29,78 хувь нь улсын тусгай хамгаалалтанд, орон нутгийн тусгай хамгаалалтанд 12,3 хувь байгаа хэдий ч тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар гар аргаар алт олборлох, хулгайгаар нэвтэрч амьтан агнах зөрчил гарсаар байна.
Гар аргаар алт олборлогчид олон га газрыг ухаж сэндийлээд нөхөн сэргээлт хийлгүй орхиж байгаа нь хөрсний эвдрэлд оруулаад зогсохгүй хүн, мал, амьтанд аюул учруулж байна. Эвдэгдсэн газрын нөхөн сэргээх ажил хангалтгүй, нөхөн сэргээлт, бичил уурхай нэрийн дор газрын хөрсийг эвдэх, хууль зөрчин ашигт малтмал олборлох явдал гарсаар байна.
Ойн тухай тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ойгоос хууль бусаар мод, заг бэлтгэх асуудлыг таслан зогссох нь чухал асуудал юм. Өмнөх онуудтай харьцуулахад ойтой холбоотой зөрчил бага гардаг байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болж зөрчил буурахгүй давтагдан гарсаар байна.
Дэлхийн зах зээлд тэргүүлэх зэрэгтэй хөрш хоёр орны хэрэгцээг хангах, зорилгоор байгалийн баялгийг зүй бусаар ашиглах ялангуяа нэн ховор, ховор амьтадын эд эрхтнийг худалдаалж ашиг хонжоо олохын тулд хууль бус ангийн хэрэг зөрчлүүд буурахгүй давтагдан гарсаар байна
Амьтдын гаралтай түүхий эдийг аймгийн зах, түүхий эдийн цэг салбаруудад зарж борлуулан ашиг олдог хууль бус үйлдэл бидний нүдэн дээр байгаа нь нууц биш юм.
Мөн химийн бодисоор ус, хөрс бохирдуулах явдал нэг биш удаа гараад байна.
Аймгийн хууль хяналтын байгууллагууд жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа боловч зарим нэг зөрчил давтагдан гарсаар байна.
Иймд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хууль зөрчсөн аливаа илрэлийн талаар мэдээлэл өгөх, мэдээллийн бодит үр дүнг үндэслэн урамшуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь маш чухал асуудал юм.
Өнөөдөр бидний өмнө хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд төр, иргэн аж, ахуйн нэгж, байгууллага, ТББ-уудын хамтын хүчин чармайлт, санаачлагыг чиглүүлж ажиллах шаардлага гарч байна.
Энэ хэлэлцүүлгийн үр дүнд байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, төрийн байгууллагууд ажлаа хэрхэн уялдуулж ажиллах, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчлүүдийг хэрхэн бууруулах талаар үнэтэй саналууд гарч, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Мэдээ оруулсан : 2014-10-08 12:44:17