Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 05 сарын 14-нээс 2016 оны 05 сарын 20-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалын дагуу цөлжилттэй тэмцэх өдрийг угтан аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бүх сумдад болон бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдэд дээр дурьдсан өдрийг угтаж олон талт арга хэмжээг сум орон нутагтаа зохион байгуулж ажиллах талаар албан бичиг хүргүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 1-р үе шат /2010-2015 он/ дуусч хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргахаар ажиллаж байна.

2. “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд усны эхийг хамгаалах, цэвэр ариун байдлыг хангах, сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуусын хөгжлийн төв, Есөнбулаг сумын ЗДТГазар, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Залуус клубтэй хамтран “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалагаар нь үлдээе” уриатайгаар булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялал зохион байгуулахаар ажлын удирдамжийг батлуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн сум суурин газруудад 10 км тойрогт, баг, хот айлд 5 км-ийн тойрогт орших гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх арга хэмжээг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж ажиллах талаар бүх сумдад албан бичиг хүргүүллээ.

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/110 дугаар тушаалаар Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах тухай журмын хэрэгжилтийг ханган идэвхтэн байгаль хамгаалагчдын судалгааг гарган ирүүлэх талаар, мөн байгалийн нөөцийн хамтын менежментийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн.

4. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын барилга, мөн Ундрага-Алтай ОНӨААТҮГ-ын химийн бодисын агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч танилцан, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн хавсралтын 5 дугаар хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Үнэлгээ, аудитын хэлтэсээр хийлгүүлэх чиглэлийг хүргүүллээ.

5. Мод тарих үндэсний өдрийг “Мод тариад орхих биш, арчилж, хамгаалж, ургуулцгаая” гэсэн уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр “Миний нутаг” телевизээр мод тарих арга аргачлалын талаарх шторк, тарьц суулгацын захиалга авах зарыг явуулж 2015 оны 05 сарын 12-ноос 14-ны өдрүүдэд Жанчивбаатарын талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Хүүхэд залуучуудын паркын урд талд хашаа хамгаалалт хийж гэр бүлийн төгөл байгуулан 165 ширхэг мод тарьлаа. Мөн гэр бүлийн төгөлд 1-р сургуулийн 1в ангийн эцэг эхчүүд үсэглэлийн баяр болж байгаатай холбогдуулан сурагчдын хамт 40 ширхэг мод, Мандал-Голомт ХХК 200 ширхэг мод тарьсан. Аймгийн хэмжээнд 2016 оны 05 дугаар сарын 14-ны хаврын мод тарих үндэсний өдрийн хүрээнд 69 аж ахуйн нэгж, албан байгууллага, 1672 хүн мод тарих ажилд оролцож нийт 9147 ширхэг мод тарьж 30115000 төгрөг зарцуулсан байна.

6. Есөнбулаг сумын хэмжээнд цэцэг тарьж ургуулдаг иргэдийг урин оролцуулж иргэдэд цэцэг тарих ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын талаар сургалтыг 2016 оны 5-р сарын 19-ний өдөр Есөнбулаг сумын ЗДТГазартай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 19 иргэн хамрагдлаа.

 

2016 ОНЫ 05 САРЫН 21-НЭЭС 2016 ОНЫ 5 САРЫН 27-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. Цөлжилттэй тэмцэх үндэсний өдрийг угтаж Есөнбулаг сумын Рашаант багийн Шаварын голд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон Жаргалантын булгийн орчны хогийг цэвэрлэж, гольдролыг сэргээж орчны эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг 2016 оны 5-р сарын 27-ны өдөр бичил уурхайн чиглэлээр зохион байгуулалтанд орсон төрийн бус байгууллагууд, нөхөрлөлүүдтэй хамтран хийхээр төлөвлөж байна.

2. “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалагаар нь үлдээе” уриатайгаар булаг шанд, уст цэгийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялалыг аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид, оюутан сурагчдыг оролцуулан 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-05-24 08:05:56
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.