ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, ИРГЭДИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ӨСВӨР ҮЕИЙХНИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ НЬ
2014.09.18 Алтай хот
Сүүлийн хоёр зуун жилийн дотор бий болсон дэлхийн үйлдвэрийн хөгжил, техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнуудад амьдралын шинэ орчныг бий болгож хүн амын хүнс тэжээлийн хангамж, эмнэлэгийн үйлчилгээг сайжруулж, хүний насыг уртасгасан зэрэг олон эерэг талыг авчирсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Гэвч үүний зэрэгцээгээр үйлдвэрийн хөгжил нь байгалийн нөөц баялгийг цөлмөх, хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг багагүй сөрөг нөлөө үзүүлэх болсон. Орчны бохирдол нь агаар, ус, хөрсний бохирдол гэх мэт зүйлээс шалтгаалдаг.
Сүүлийн жилүүдэд Алтай хотын эргэн тойронд үнс, нүүрс, ахуйн хог хаягдлаар хөрсийг бохирдуулах, бохир ус гудамжинд асгах зөрчлүүд даамжирч эзэнгүй хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэн хотын маань орчныг бохирдуулаад байна. Говь-Алтай аймаг нь 15578 өрх, 56208 хүн амтай, үүнээс Алтай хотод 5058 өрх, 19053 хүн ам төвлөрөн оршин суудаг. /2013 оны статистикийн мэдээллээс / Алтай хот нь Засаг захиргааны хувьд анхан шатны 6 багтай. Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эмнэлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа салбар сургууль, компьютер мэдээллийн төв, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж тус бүр үйл ажиллагаа явуулж байна.
Агаарын чанарын мэргэжлийн албаны салбар “Агаарын чанарын хяналтын харуул”-ыг 2008 онд байгуулж, агаарын чанарыг судлах стандартын путк, тоног төхөөрөмжийг аймгийн МХГ-ын хашаанд суурилуулан ажиллуулж байгаа бөгөөд тус харуул нь өдөр бүр 08, 14, 20 цагуудад агаарт байгаа хүхэрлэг хий /SО/, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээг тодорхойлж, аймгийн төвийн тогтоосон зогсоол, цэгүүдэд агаар, хөрсний дээж авч бохирдлын шинжилгээг БОБХЗТЛабораторид явуулан хийлгэж, дүн мэдээг аймгийн удирдлагууд болон олон нийтэд 10 хоног дутамд мэдээлдэг. Тус шинжилгээний дүнгүүдээс харахад аймгийн төвийн агаар дахь хүхэрлэг хий /SО/, азотын давхар исэл/NO2/- ийн хэмжээ нь хүрэлцэх хэмжээнээс бага дүнтэй байна.
Он |
Жилийн дундаж
|
Хүрэлцэх хэмжээ |
||
SO2 мг/м3 |
NO2 мг/м3 |
SO2 мг/м3 |
NO2 мг/м3 |
|
2009 |
0,009 |
0,021 |
0,45 |
0,085 |
2010 |
0,006 |
0,016 |
0,45 |
0,085 |
2011 |
0,005 |
0,017 |
0,45 |
0,085 |
2012 |
0,011 |
0,015 |
0,45 |
0,085 |
2013 |
0,011 |
0,015 |
0,450 |
0,85 |
Хүснэгт-1. 2009-2013 оны хүхэрлэг хий,азотын давхар ислийн жилийн дундаж, хүрэлцэх хэмжээний дүнг харуулав
Гэсэн хэдийч агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд болон дам байдлаар нөлөөлдгийн хувьд бохирдол нь стандартаас бага байсанч удаан хугацааны туршид хүн бохирдсон агаараар амьсгалахад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ямар нэг өвчин эмгэг үүсгэдэг байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас авсан судалгаагаар Говь-Алтай аймагт бүртгэгдсэн нийт халдварт өвчний 50-100%-ийг Алтай хот эзэлж байдаг байна.
д/д |
Өвчний нэр |
10000 хүн амд |
||
2011 |
2012 |
2013 |
||
1 |
Цочмог халдварт өвчлөл |
113,5 |
77,2 |
49,2 |
2 |
Амьсгалын тогтолцооны өвчлөл |
1222,3 |
1132,6 |
808,3 |
3 |
Хоол боловсруулах эрхтний өвчлөл |
1407,9 |
1467 |
579,2 |
4 |
Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл |
1215,8 |
1248,16 |
327,8 |
5 |
Зүрх судасны өвчлөл |
1407 |
890 |
159,2 |
Хүснэгт 2.
Алтай хотын ногоон байгууламжийн хэмжээ бага, тоосжилт ихтэй ба нэгдсэн захын хатуу шингэн хог хаягдлын цэг, нийтийн бие засах газар нь шаардлага хангахгүй байгаагаас салхинд хийсч халдварт өвчний нян тараах, өсөн үржих нэгэн нөхцөл болж байгаа юм. Хэдийгээр нийтийн их цэвэрлэгээ тогтмолжсон бүх нийтээр мод тарих аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтанд оруулж мод тарих ажлыг хийдэг хэдий ч ойн тухай хуулинд заасанчлан иргэн бүх 1 мод тарих үүргээ хангалттай биелүүлдэггүйтэй холбоотой бөгөөд, нөгөөтэйгүүр тарьсан модны усалгаа арчилгааны асуудалд учир дутагдалтай зүйл ажиглагддаг юм. Мөн Алтай хотын байгууллага, аж ахуй нэгжүүд орон сууцны айл өрхүүд гялгар ууттай хог хаягдлыг их хэмжээгаар хаяж энэ нь эргээд орчныг бохирдуулж, хог хаягдлаа шатааж байгаа нь оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна.
Хог хаягдлыг цэгцлэх, орчны бохирдлыг багасгах зорилгоор сумын иргэн, аж ахуй нэгж байгууллагын ажилчид албан хаагчдын хүч оролцоотой нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж ирсний үр дүнд 2008 онд 190 тн, 2009 онд 300 тн, 2010 онд 290 тн, 2011 онд 4452.8 тн, 2013 онд 3247.8 тн хог хаягдлыг цэвэрлэн дарж булах, ачиж зайлуулах ажил хийгдсэн байна. Жил бүр олон мянган сая төгрөгийн зардал гарч байгаа боловч тодорхой хийсэн ажил үр дүнгүй болж давтагдаж байна. Орчны бохирдолтыг бууруулах нэгэн номонд “Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ” гэж бичжээ.Үүний адилаар бид өөрсдөө цэвэр орчинг бүтээж, амьдрах орчноо бүрдүүлэх ёстойг ухамсарлах цаг нэгэнт болсон мэт санагдана.
Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 257.16 га гудамж талбайг хамарсан 70 гаруй хогийн цэгийг байрлуулсан хэдий ч иргэдийн ухамсар, экологийн боловсрол, биеэ авч явах соёл дутмаг зэрэг байдлаас шалтгаалан иргэд хог хаягдлаа ил задгай, замбараагүй хаядаг байдал мөн л хэвээр байна. Үүнээс гадна тохижилт үйлчилгээний газрынх нь хүчин чадал дутмаг, иргэд хогоо өөрсдөө тээвэрлэн хаа ч хамаагүй асгадаг, айл өрхүүдийн болон бусад хонийн пункер цэгүүд нь битүү биш зэрэг шалтгаанууд ч бас орчны бохирдолд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Мөн аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бүх шатны Засаг дарга, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, сумын Байгаль орчны хяналтын улсын байгцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, байгаль хамгаалах төрийн бус байгууллага, сургуулиудын эко клубууд гэсэн субектууд үйл ажиллагаа явуулдаг хэдий ч төв суурин газруудын цэвэр, тохитой байх нөхцөл төдийлөн бүрдэхгүй байгаа юм. Үүний хамгийн том шалтгаан мөнөөх л нөхцлийг иргэдийн ухамсар, сэтгэхүйтэй холбон ойлгож болох юм.
Америкийн нэгэн судлаачийн тэмдэглэлийг уншхад хүүхэд болон насанд хүрэгчид хүүхдийн үгийг илүү их сонсож хүлээн авсан талаар бичсэн байдаг. Иймээс өсвөр үеийн хүүхдүүдийг орчны бохирдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажилд дараах байдлаар оролцуулбал орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө гэж үзлээ. Үүнд:
1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, экологи, хүрээлэн буй орчны чиглэлийн хичээлүүдээс гадна байгаль хамгааллын үйл ажиллагаа, байгальтай хэрхэн зөв зохистой харьцаж, дасан зохицох болон амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох чиглэлийн хичээлийг 7 хоног бүрийн хичээлийн хөтөлбөрт нь шинээр нэмж оруулах. Учир нь монголчууд дээр үеэс хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа гэж үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Мөн түүнчлэн эко клубын сурагчдыг сургагч багшаар бэлтгэх асуудал их чухал юм. Энэ нь хүүхдийг хүүхдээр хүмүүжүүлэх, тэднийг өөрсдөөр нь үлгэрлүүлэх сайн туршлага болно.
2.Сургуулийн сурагчдаас байгаль орчны журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг “Ногоон элч цагдаа” ажиллуулах. Тухайлбал ногоон элч цагдаа нь хогоо хогийн саванд хий, мод хугалж болохгүй гэх мэт наад захын шаардлагыг хүмүүст тавьж, цаашлаад ухуулан таниулах зэрэг арга хэмжээ авна.
3.Сум орон нутгийн байгаль орчны асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдсан зүйлсийг аймгийн удирдлагуудтай хамт хэлэлцэх зорилгоор “Ногоон парламент”-ыг байгуулан ажиллуулах. Ногоон парламентад сум бүрээс төлөөлөл хүүхдүүд орох бөгөөд жилд 2 удаа уулзалт зохион байгуулах.
Дүгнэлт
Хүүхдүүдийн танин мэдэхүйн цар хүрээ нэмэгдэж, байгаль орчноо хайрлах, хамгаалах сэтгэхүй төлөвшиж бусдадаа мэдээлэл дамжуулсанаар иргэн бүрийн экологийн боловсрол дээшилнэ. Мөн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, зөвлөгөө өгөх, улмаар холбогдох хяналтын байгууллага, ажилтнуудад мэдээлэл өгснөөр Алтай хотын орчны бохирдол буурахад чухал нөлөө үзүүлэх юм. Хүүхдүүд ч гэсэн олон нийттэй харилцан ажилласанаар ирээдүйн удирдагч манлайлагч болоход бэлтгэгдэнэ.
Төгсгөлд нь хэлэхэд Алтай хотын хөгжил цэцэглэлтэнд оролцох иргэдийн оролцоо бол хамгийн энгийн зүйл болох идсэн чихрийн цаасаа, гарт баригдсан хогоо гадаа гудамжинд хаях биш зориулалтын хогийн саванд нь хийх сэдэл бидний сэтгэлд төрж хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхэлнэ. Энэ бол бидний хотынхоо хөгжилд хувь нэмэрээ оруулж байгаа нэгэн хэлбэр юм. Хүний ертөнц сэтгэлийн ертөнцөд эерэг ухамсар, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож чадваас бид бүхэн хотынхоо хөгжилд анхныхаа алхамыг тавих болно.
ИЛТГЭЛ БИЧСЭН:
мэргэжилтэн М.Наранцацрал, Бичиг хэргийн ажилтан Б.Ганширнэн
Мэдээ оруулсан : 2014-10-08 11:49:48