Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилтийн судалгааны талаархи мэдээлэл

Цөлжилтийн төлөв байдал

             Монгол Улсын Засгийн Газраас 2010 онд батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээ зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж Засгийн газарт тайлганахаар тусгажээ. Энэхүү зорилтын хүрээнд 2015 онд үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээг шинэчлэн хийх тул энэхүү мэдээнд 2010 оны мэдээллийг тусгав.

         Цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоож түүнд үнэлгээ өгөх, зураглал, түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь газрын элэгдэл эвдрэлийг бууруулах, цөлжилтийн  үйл явцыг сааруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай юм.

        Энэ хүрээнд 2013 онд Щвейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжсэн “Цөлжилийг сааруулах” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр БОНХЯ-ны харьяа Байгаль орчны медээллийн төв, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн хамтран “Монгол орны цөлжилтийн атлас” зохиож, Цөлжилтийн мэдээллийн сан байгуулсан байна. 

        Тус атласыг боловсруулахдаа улс орны хэмжээний нэгдсэн үнэлгээ, зураглал үйлдэх үүднээс зайнаас тандан судалгааны мэдээлэлд суурилсан үзүүлэлтийн системийг сонгон авч, цөлжилтийн үнэлгээний нэгдсэн шалгуурт Гангийн нормчилсон индексийн эрчим, Гангийн нормчилсон индексийн давтагдал /2000-2011 оны хоорондох давтагдлын тоо/, Хөрс усаар эвдрэх  хэмжээ /тн/га/жил/, Хөрс салхиар элэгдэх хэмжээ /тн/га/жил/, Ургамлан нөмрөгийн төлөв байдлын өөрчлөлт/2000-2010 оны өөрчлөлтийн хувь/, Ургамлан нөмрөгийн өөрчлөлтийн хандлага /2000-2010 оны өөрчлөлтийн хувь/, Малын нягтшил, Хүн амын нягтшил гэсэн 8 үзүүлэлтийг сонгон авч цөлжилтийн нэгдсэн үнэлгээг хийсэн байна.

             2010 оны байдлаар, Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь тодорхой зэрэглэлээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

           Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 3.4 хувь нь цөлжилтийн  нэн хүчтэй, 5.4 % нь хүчтэй, 38.7% нь дунд, 40.3% нь сул илэрсэн нутагт хамрагдаж байна.  Энэ нь нийт нутгийн 87.8 хувь цөлжилтөнд өртсөнийг илэрхийлж байна. Үлдсэн 12.2 хувь нь цөлжилт илрээгүй гэсэн тоо баримттай байгаа боловч энэ нь аймгийн хэт хуурай цөлийн бүс, цөлийн бүс, тагийн бүсэд хамрагдаж байгаа болно.

             2010 оны цөлжилтийн үнэлгээний дүнг өмнөх 2006 оны дүнтэй харьцуулж үзвэл тус аймгийн хэмжээнд цөлжилтийн дунд, сул зэрэглэл бүхий газруудын тархац нутаг нэлээд өөрчлөгдсөн буюу ялангуяа сул зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн нь элбэг байна. /хүснэгт, зураг /

                    

Хүснэгт . Говь-Алтай аймгийн цөлжилтийн үйл явцын хандлага / хувиар /

 

Цөлжилтийн үнэлгээ хийсэн он

Сул илэрсэн нутаг %

 Дунд зэрэг илэрсэн нутаг %

Хүчтэй илэрсэн нутаг %

Нэн хүчтэй илэрсэн нутаг %

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь %

2006

25.19

23.61

11.67

4.23

64.7

2010

40.3

38.7

5.4

3.4

87.8

 

Зураг. Цөлжилт газрын доройтлын төлөв /2010 оны байдлаар/

          Зургаас хархад нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд тус аймгийн Халиун сумын ихэнх нутаг хамрагдаж байгаа бол хүчтэй зэрэглэлд Төгрөг сум багтаж байна. Харин цөлжилтийн сул, дунд зэрэглэлтэй нутгуудад цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл бүхий газруудын ойр орчим нутгууд багтаж байна.

            Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг
зохисгүй ашиглахаас үүдэлтэй гэж хэлж болох бөгөөд харин үүссэн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам даамжирах хандлагатай болдог.

         Цөлжилтийн нэгдсэн зурагт тооцсон үзүүлэлтүүдээс уг үйл явцад давамгайлан нөлөөлөх хүчин зүйлийн зургийг зохиож үнэлэхэд цөлжилт илрээгүй буюу хүчин зүйлийн нөлөөгүй 10.4 %, хүний хүчин зүйл давамгайлсан буюу хавсарсан 39 %, байгалийн хүчин зүйл давамгайлсан буюу хавсарсан 50.6 % болж байна. Энэ нь цөлжилт хүчтэй, нэн хүчтэй илэрсэн тухайн газар нутагт байгалийн хүчин зүйл 56 %, хүний үйл ажиллагааны нөлөө 44 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

         Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө болон байгалийн хүчин зүйлс хавсарсан, хангайн бүсэд хүний нөлөө давамгайлсан, Монгол Алтай, Их нууруудын хотгорт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү нөлөөтэй байна.

         Тухайлбал газрын доройтол, цөжилтийг үүсгэж буй байгалийн хүчин зүйлүүдээс тус аймгийн нутаг дэвсгэрт хөрс усаар эвдрэх үйл явц Говь-Алтайн уулархаг бүс нутгаар, хөрс салхиар элэгдэх үйл явц Алтайн өвөр говь болон шаргын говийн хотос хоолойгоор тод ажиглагдах ба 2000, 2010 онуудыг харьцуулж үзвэл жилд 165.7тн/га хөрс зөөгдөж байгаа тооцоо гарсан байна.

          Мөн газрын доройтлыг бий болгоход нөлөөлж буй мал аж ахуйн газарзүйн хуваарилалтад гарсан өөрчлөлтөнд 2010 онд тус аймгийн Баян-Уул, Жаргалан, Дэлгэр сум хамгийн их нягтшилтай сумд орж байсан бол 2013-2014 онуудад Бигэр, Тонхил, Чандмань сум бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн дүнтэй гарсан байна.

          Үүнээс гадна тус аймагт цөлжих үйл явцыг идэвхижүүлэх гол хүчин зүйл нь  үе үе хүчтэй шороон шуурга тавьдаг, хур тунадас бага унадаг зэрэг байгалийн хүчин зүйл, нөгөө талаар олон салаа авто зам гаргах, хууль бусаар ашигт малтмал олборлон нөхөн сэргээлтийн ажлыг хийхгүй орхигдуулах, заг болон говийн бутлаг ургамлыг иргэд түлшинд хэрэглэх явдал багагүй хэмжээтэй байгаа зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна.

         Цөлжилтийн өнөөгийн байдлаас шалтгаалан орон нутагт тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэж байна. Тухайлбал Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн Бэлчээрийн менежментийн хөтөлбөр”- ийг тус тус боловсруулан батлуулж, хэрэгжүүлэн ажилласнаар сум орон нутагт байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах чиглэлээр хийгдэж буй ажил, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд улсын болон орон нутаг төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтаас нийт 2013 онд 316.62 сая.төг, 2014 онд 1376.79 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. 

Мэдээ оруулсан : 2016-04-27 17:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.